|
Худалдааны ахмад ажилтан Чойсүрэн би өнчин ядуу байсан болохоороо 5 настайдаа Дорлигжав гэдэг айлын өргөмөл хүү болж 6 настайдаа хурга хариулж, 16 нас хүртэл малчин байсан нь миний хөдөлмөрийн гарааны эхлэл байлаа. Бага дунд сургуульд суралцаагүй учир багийн бүлгэмд 15 хоног сууж шинэ үсэгт тайлагдсан юм.
1947 онд 16 настайдаа өргөмөл эгч Пагамыг дагаж Увс аймгийн Цагаан хайрхан сумнаас шуудангийн машинаар 10 хоног явж Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсан билээ.
Амьдрахын эрхээр эсгий гутал үйлдвэрлэдэг гутлын 9-р артельд галч /ус зөөж, мод хөрөөдөж, хагалаад 6 пийшин галлаж, ус халаана/, Улсын төлөвлөгөөний комисс зарлагаар /албан газруудад албан бичиг хүргэж өгнө/ 1947-1948 онд ажиллаж ажилчны эгнээнд шилжсэн нь тухайн үед их сонирхолтой сайхан байж билээ. Энэ үед ахмад зарим хүмүүс чи яагаад сургуульд сурдаггүй юм бэ, сургуулиас зугтаж яваа хүүхэд гэж намайг зэмлэдэг байв. Сургуульд сурах хүсэл их байвч бага, дунд сургуульд суралцаагүй намайг суралцуулах сургууль олдсонгүй, энэ талаар хөөцөлдөж тусалдаг садан хамаатан надад байсангүй.
Намайг зарлагаар ажиллаж байхад Худалдааны техникумыг онц, сайн дүнтэй төгссөн Д.Дашдондог гялалзсан сэргэлэн цовоо, өндөр сайхан залуу 1948 онд Улсын төлөвлөгөөний комисст эдийн засагчаар ирж ажилладаг юм байнаа. Д.Дашдондог чамайг Худалдааны техникумд оруулж өгье тэнд суралц, их сайхан сургууль шүү гэдэг юм байна, би ч их баярласан. Д.Дашдондог захирал Б.Доржсүрэн /герман/, хичээлийн эрхлэгч н.Бавуу /герман, хожим улсын гавьяат багш болсон/ нартай ярьж элсэлтийн шалгалтанд оруулах зөвшөөрөл авч өглөө.
8-р сарын 20-23-нд элсэлтийн шалгалтанд орж тооны шалгалтанд тэнцээгүй учир 1948 оны 9-р сарын 1-нд бэлтгэл ангид стипендгүй суралцаж, 1-р улирлаа муу, 2-р улиралд онц дүнтэй гарч урам зориг орж цаашдаа айн онц дүнтэй суралцаж, 1-р ангидаа стипендтэй болж, 1952 онд барааны мэргэжлээр сургуулиа сайн дүнтэй төгсгөж, Увс аймгийн Хоршоодын холбооны худалдааны хэлтсийн даргаар манай ангийн А.Дамдин /доктор, профессор/ би барааны мэргэжилтнээр томилогдон очиж 1955 он хүртэл ажилласан нь сэхээтний эгнээнд шилжсэний эхлэл байлаа. А.Дамдин маань 1953 онд Улаанбаатар хотод шилжсэн юмдаг.
Мэргэжил, боловсрол эзэмших эх суурийг тавьж өгсөн ХАА-н ухааны доктор, профессор Д.Дашдондог /МАА-н хүрэлээнд ажиллаж байгаа/, Худалдааны техникумын захирал Б.Доржсүрэн, хичээлийн эрхэлгч н.Бавуу /энэ хоёр хүн таалал төгссөн/ нарт хязгааргүй их баярлаж явдаг юм.
Төр, засаг болон дээрхи хүмүүсийн ач буянаар 1962 онд ОХУ /тэр үеийн ЗХУ/-ын Москва хот дахь Плехановын нэрэмжит УААА-н дээд сургуулийг бүрэн төгсгөж дээд боловсрол эзэмшсэн билээ.
Би 1955-1991 онд Хоршоодын төв холбооны ерөнхий хороонд зааварлагч, мэргэжилтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд худалдаа эрхэлсэн референт, Худалдаа, бэлтгэлийн яаманд хэлтсийн дарга, Худалдааны техникум /Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль/-ын захирал, орлогч захирал, Улаанбаатар хотын худалдаа, удидах газарт арга зүйчээр тус тус ажиллаж байсны дотор 1962-1982 онд Худалдааны техникумд захирлаар ажиллаж байсан маань хамгийн их дурсамжтай үе балаа. Энэ үед хичээлийн болон оюутны дотуур байр зэрэг 3 барилга баригдаж, 1963, 1970 онд ашиглалтад орлоо.
Ажил мэргэжлийн асар их туршлагатай, боловсрол сайтай, нягт нямбай ажилтай хичээлийн эрхлэгч Н.Дугар, Д.Нацаг, Д.Идэвхтэн, Ж.Чулуунбаатар, С.Борхүү, орлогч захирал Д.Цолмон, Ш.Долгор нартай гар нийлэн хамтран ажиллаж, 100 шахам багш ажилчид, 1000 гаруй сурагчтай ажилсаг эвсэг хамт олныг удирдан зохион байгуулж, сургалт хүмүүжлийн ажлыг явуулж байсан юм.
Сургалтын ажлыг сайжруулах зорилгоор зохих зардал гаргаж, багш нарын хүчээр хичээлийн үзүүлэн таниулах материал, сургалтын зарим техник хэхэгсэл бүхий гуанз – лаборатори, бараа, түүхий эд, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, орос хэл зэрэг мэргэжлийн боон ерөнхий эрдмийн хичээлийн 10 гаруй кабинет байгуулсан нь сурагчдын онолын мэдлэгийг гүнзгийрүүлэхэд зохих үр дүнгээ өгсөн.
Худалдаа, бэлтгэлийн яамны сайдын тушаалаар Хэнтий, Дорноговь, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотын Худалдаа, нийтийн хоолны удирдах газрыг сурагчдын дадлагын бааз болгон ажиллуулж байсан нь сурагчдад мэргэжлийн дадлага олгоход их ашиг тустай байлаа.
Худалдааны боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг төр, засгаас өндрөөр үнэлж, Худалдааны техникумын 40 жилийн ойгоор 1964 онд “Алтан гадас” одонгоор шагнаж, 1963, 1971 онд Хэл бичиг, уран зохиолын багш Б.Дэндэв, түүхий, эд бэлтгэлийн багш Д.Дондогдорж нар гавьяат багш цол хүртсэн нь их л дурсгалтай байж билээ.
Миний ажиллах хугацаад Худалдаа, бэлтгэл, нийтийн хоолны мэргэжлээр өдөр, орой эчнээгээр 9000 шахам хүн төгсөж, үндсэн мэргэжлээрээ ажилласан юм. Төгсөгчдийн 30 орчим хувь нийтийн хоолны техник, технологич мэргэжлийн хүмүүс байсан юм.
Төгсөгчдийн дотроос нийтийн хоолны техник технологич, Худалдааны гавьяат ажилтан н.Нордон, спортын гавьяат тамирчин н.Дамдиншарав, барааны мэргэжилтэн худалдааны гавьяат ажилтан н.Чулуухай, дэд профессор Б.Шаравсамбуу, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн багш доктор, дэд профессор, Монголын тогоочдын холбооны ерөнхийлөгч Ж.Октябрь, Их Хурлын гишүүн доктор н.Пүрэвдорж, “Тэрэлж” аялал жуулчин компаний захирал н.Бямбасүрэн, МУИС-ийн багш доктор, профессор н.Гүргэмжав нарын зэрэг олон зуун шавь нар маань улс эх орондоо нэр төртэй бүтээлчээр ажиллаж байгаад би их баярлаж явдаг юм.
Намайг ингэж ажиллахад хамт ажиллаж байсан нөхөд, дээд байгууллагын удирдлага сэтгэл харамгүй туслалцаа үзүүлж байсан нь ажлын амжилтанд их нөлөөлсөн. Би Худалдааны техникумд ажиллах хугацаандаа төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, “Худалдааны тэргүүний ажилтан” цол тэмдэг, ойн медалиудаар шагнагдсанд их баяртай байдаг.
Манай сургуулийг төгссөн олон шавь нар маань эх орондоо бүтээлчээр хөдөлмөрлөж, ахмад ажилтан миний бие өөрийн хөдөлмөрийн үр дүнгээ шавь нараараа дамжуулан харж байгаадаа бахархаж яваа юм.
Дурсамж бичсэн: Д.Чойсүрэн
2007 оны 10-р сарын 24 |